skip to Main Content
СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЭНХИМИЙН
МЭРГЭЖЛИЙН САЛБАРУУД

НАРНЫ ЭРЧИМ ХҮЧ

Нарны эрчим хүч гэдэг нь нарны энергийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэх технологийг хэлнэ. Нарны эрчим хүчээр цахилгаан болон дулаан үйлдвэрлэх технологиуд бүтээгдсэн байдаг. Нарны энергийг ашиглан цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх технологи нь хагас дамжуулагч материалаас бүрдсэн байдаг бол нарны энергийг ашиглан дулаан үйлдвэрлэх технологи нь дулааны физикийн онолууд дээр суурилсан төхөөрөмжүүдээс бүрддэг. Монгол улсад нарны энергиэр цахилгаан үйлдвэрлэх төхөөрөмжийг үйлдвэрлэх үйлдвэрүүд байдаг бөгөөд Япон улсруу экспортолдогоороо онцлог.

САЛХИНЫ ЭРЧИМ ХҮЧ

Нарны дулаан нь агаарыг жигд бус халааснаас үүдэн, агаарын зарим хэсэг нь халуун, зарим нь хүйтэн болдог. Ингэснээр халуун агаар нь хөнгөн тул дээшээ хөөрч, хүйтэн агаар хүнд тул халуун агаарын байсан зайг нөхдөг.  Агаарын энэхүү шилжилт хөдөлгөөнөөс салхи үүсдэг. Салхины эрчим хүч нь салхины энергийн кинетик болон потенциал энергийг ашиглан цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх технологи дээр үндэслэдэг. Монгол оронд салхины энергийг ашигласан хэд хэдэн цахилгаан станциуд ашиглалтанд ороод байна.

УСНЫ ЭРЧИМ ХҮЧ

Усны эрчим хүч гэдэг нь усны урсамтгай шинж чанар уналтын потенциал энерги зэргийг ашиглан цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн хэрэглэгчдэд нийлүүлэх үүрэг бүхий эрчим хүчний цогц шийдлийг хэлнэ. Усан цахилгаан станцын байгууламж бусад сэргээгдэх эрчим хүчний төрлүүд дундаас хамгийн ажиллагаа ихтэй хамгийн өртөг өндөртэй боловч хамгийн тогтвортой эрчим хүч үйлдвэрлэх төрөл гэдгээрээ онцлог байдаг.

БИОМАСС

Байгаль дээр орших ой мод, амьтаны сэг зэм, өтгөн, ургамал-газар тариалангийн үлдэгдэл, хүмүүсийн үйлдвэрлэж буй хог хаягдал бүгд биомассын төрөлд багтдаг. Тусгай технологийг ашиглан хэрхэн эдгээр төрөл зүйлийн хог хаягдалыг боловсруулах технологийг судлах, суралцах танин мэдэх нь био эрчим хүчний технологи юм.

ТҮЛШНИЙ ЭЛЕМЕНТ

Түлшний элемент нь цахилгаан химийн процесс дээр үндэслэгдсэн дулаан цахилгаан хослон үйлдвэрлэх чадамж бүхий төхөөрөмжийг хэлнэ. Үндсэн түлш нь устөрөгчийн хий байдаг бөгөөд Дэлхий дахинд ихэвчилэн найдвартай эрчим хүчний эх үүсгүүрт ашигладаг байсан бол сүүлийн жилүүдэд байшин сууцны цахилгаан – дулаан хангамж, устөрөгчийн машин зэрэг хэрэглээнд ашиглах чиглэлээр судалгаа туршилт ихээхэн явагдаж буй технологи юм.

ГАЗРЫН ГҮНИЙ ДУЛААН

Газрын гүний дулаан гэдэг нь Дэлхийн гүнээс ялгарч ирэх дулаан болон нарны энергийн нөлөөгөөр бүрдсэн дулааны энергийг ашиглан цахилгаан, дулаан үйлдвэрлэх төхөөрөмжийг хэлнэ. Одоо үед Дэлхий дээр ихэнхдээ газрын гүний дулааны энергийг байшин сууцны дулаан хангамж, хэрэглээний халуус усны чиглэлээр ашиглах нь элбэг байдаг.