СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЭНХИМИЙН ЗОРИЛГО
Сэргээгдэх эрчим хүчний тэнхим нь ирээдүйн Монгол улсын сэргээгдэх эрчим хүчний салбарт хувь нэмрээ оруулах өндөр мэдлэгтэй мэргэжилтнүүдийг бэлтгэх үндсэн зорилготой бөгөөд эрчим хүчний систем, эрчим хүчний системийн аюулгүй байдлын талаарх мэдлэгтэй, асуудал шийдвэрлэх, хөрвөх, танин мэдэх, багаар ажиллах, инновацын ур чадвартай инженерийг бэлтгэх зорилготой.
Түүнчлэн нөхөн сэргээгдэх эрчим хүчийг ашиглан орчин үеийн мэдээллийн технологийн мэдлэгтэй хослуулан хөгжүүлэх, техник, тоног төхөөрөмжүүдийн найдвартай хэвийн ажиллагааг хангаж ажиллуулах чадвартай, угсрах, ашиглах, тэдгээрт туршилт тохируулга, засвар үйлчилгээг хийх инженерийн мэдлэг, чадвар, дадлыг эзэмшсэн боловсон хүчийг бэлтгэх зорилготой.
СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ ТЭНХИМИЙН ТАНИЛЦУУЛГА
Хүрээ МХТДС-ийн Сэргээгдэх эрчим хүчний тэнхим нь анх 2009-2010 оны хичээлийн жилд үүсгэн байгуулагдаж тэнхимийн эрхлэгчээр Б. Заяабаатар /Ms.,/ томилогдон ажиллаж эхэлсэн бөгөөд 2017 оноос хойш Choe Seung Jin проф, /Ms.,/ тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байна.
Тус тэнхимийн багшлах боловсон хүчин нь мэргэжлийн үндсэн чадварлаг багш нараар бүрдсэн нэмэлтээр Солонгос улсын Сэргээгдэх эрчим хүчний чиглэлийн профессоруудаас тухайн салбарын мэдлэгийг олж авах, мөн сэргээгдэх эрчим хүчний инженерээр суралцсанаар сэргээгдэх энергиэс эрчим хүч гарган авах мэдлэгийг эзэмшихээс гадна эрчим хүчний суурь мэдлэг, электроникийн суурь мэдлэг, дулааны цахилгаан станц, атомын цахилгаан станц, түүхий нүүрсний хэрэглээ боловсруулалтын талаар өргөн цар хүрээний мэдлэгтэй боловсон хүчин болж төгсөнө.
СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУХАЙ
Сэргээгдэх эрчим хүч гэдэг нь байгаль дээр орших тасралтгүй – нөхөн сэргээгдэх энергийг ашиглан цахилгаан эрчим хүч болон дулааны эрчим хүч үйлдвэрлэн төвлөрсөн суурин газар /хот, аймаг, сум/, төвлөрсөн системээс алслагдсан /аялагчид, малчид, зуслангийн байшин сууц, амралтын газар, сувилал/ суурин газрын цахилгаан болон дулааны хэрэгцээг хангах бие даасан эрчим хүчний эх үүсгүүр юм.
Үүнд:
- Нарны эрчим хүч,
- Салхины эрчим хүч,
- Усны эрчим хүч / далайн татралт, түрэлтийн эрчим хүч/
- Биомассын эрчим хүч,
- Газрын гүний дулааны эрчим хүч
- Түлшний элементийн технологи зэрэг үндсэн төрлүүд багтдаг.
Монгол улсад сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр 1970-аад оноос эхлэн шат дараатай арга хэмжээ авсаар ирсэн. 1990-д оноос малчдад таниулах, алслагдсан сум суурин газруудад байшингийн дулаан хангамжийн нарны энергиэр шийдэх зэрэг төрөл бүрийн судалгаа шинжилгээ, угсралтын ажлуудыг хийсээр ирсэн. Сэргээгдэх эрчим хүчний тухай ард иргэд танин мэдэж хэрэглэгч болсон цаг үеэс сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх урт хугацааны баримт бичиг хэрэгжүүлэх шаардлагатай байгааг онцлон тусгаж тусгайлан хууль баталж хөгжлийн зорилтуудыг тусгасан хөтөлбөрүүд баталсан байдаг.
Өнөө цагт Монгол улсын хэмжээнд сэргээгдэх эрчим хүч харьцангуй хурдацтайгаар хөгжиж байна. Сүүлийн 10 гаруйхан жилийн хугацаанд Дархан хотод 10 Мвт-ийн хүчин чадал бүхий “Дарханы нарны цахилгаан станц”, Улаанбаатар хотоос баруун тийш Дарханы зам дагуу 61-н гарам өнгөрөөд байрлах 10 Мвт-ийн хүчин чадал бүхий “Моннаран нарны цахилгаан станц”, Төв аймгийн нутаг дэвсгэрт байрлах 50 Мвт хүчин чадал бүхий “Салхитын салхин цахилгаан станц”, Дорноговь аймгийн замын үүд сумын 15 Мвт-ийн суурьлагдсан хүчин чадал бүхий “Гэгээн нарны цахилгаан станц” , 12 Мвт-ийн суурьлагдсан хүчин чадал бүхий “Дөргөний усан цахилгаан станц” , 11 Мвт-ийн суурьлагдсан хүчин чадал бүхий “Тайширын усан цахилгаан станц” гэх мэт томоохон станцууд эрчимтэй баригдаж салбарын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулж байна. Монгол Улсын эрчим хүчний системийн суурилагдсан хүчин чадал 1,309.5 Мвт байгаа бөгөөд үүнээс үүний 18.1 хувийг нь сэргээгдэх эрчим хүчээр үйлдвэрлэж байгаа. 2019 оны байдлаар нийлбэр хүчин чадал нь 60 Мвт-ийн 5 нарны цахилгаан станц, нийлбэр чадал нь 155 Мвт-ийн хүчин чадалтай 3 салхин станц жилдээ 270 орчим сая кВт.ц эрчим хүчийг сэргээгдэх эх үүсгүүрээр үйлдвэрлэж байгаа. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүр цаашдаа ч нэмэгдэнэ гэсэн судалгаа бий.
Дэлхий дахинд World energy data мэдээнээс үзэхэд 2013 оны байдлаар Дэлхийн нийт эрчим хүчний 19 орчим хувийг сэргээгдэх эрчим хүчний төрлүүд эзэлдэг байсан.
2015 оны байдлаар Дэлхийн сэргээгдэх эрчим хүчний институтийн мэдээллээс үзхэд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь 26,615 ТВт-д хүрсэн байна.
Агаарын бохирдол, байгаль орчны тэнцвэрт байдал алдагдах, ан амьтан устаж үгүй болох зэрэг олон сөрөг муу үр дагавруудыг бий болгох үндсэн шалтгаануудын нэг зайлшгүй уламжлалт эрчим хүч үйлдвэрлэхэд бий болдог нөхцөл байдал гэдгийг Дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн нь нууц биш юм. Иймээс сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх чиглэлд Дэлхий нийтээрээ анхаарч Герман улс сүүлийн нүүрсний уурхайгаа хааж ёслолын арга хэмжээ болсон байдаг. Энэ нь уламжлалт эрчим хүчний эх үүсгүүр маань төдийлөн байгальд ээлтэй биш байдгийг батлан харуулсан үйл ажиллагаа болсон юм.